Мэдээлэл

06 Mar 2020

Ч.МӨНХТУЯА: Шинэ нисэх буудлыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулна

Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяатай ярилцлаа.

-Шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ?

-“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент” төслийн концессын гэрээг Үндэсний хөгжлийн газар, Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн хооронд өнгөрсөн оны долдугаар сард байгуулсныг олон нийт мэднэ. Уг гэрээ есдүгээр сараас нь хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш 10 сарын дотор нисэх буудлыг ашиглалтад оруулах журам бий. Энэ хугацаа ирэх долдугаар сарын 1-ний 00.00 цаг байх юм. Харин дөрөвдүгээр сарын 23-наас хэтрэлгүйгээр олон улсын журам, шаардлагын дагуу нислэгийн мэдээлэлд манай улс Хөшгийн хөндий дэх шинэ нисэх буудалд нислэг үйлдэж эхлэх тухайгаа зарлана.

-Ажлын явц хэдэн хувьтай байна вэ. Манай талаас оруулах хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдээгүй, ажил удааширч буй гэсэн яриа бий, үнэн үү?

-Ажлын гуравны нэгийг гүйцэтгээд байна. Үлдсэнийг нь төлөвлөгөөний дагуу хийгээд явж байгаа. Төрийн байгууллагуудын хийх 17 багц ажлаас бүрэн дууссан нь 10, үлдсэн нь 50-90 биелэлттэй. Харин шатахуун хангамж, эрчим хүчний нөөц эх үүсвэрийн ажил хүлээгдэж буй. Тодруулбал, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцан ажиллаж буй Сонгино-Туулын дэд станц барих ажил төлөвлөгөөнөөсөө хоцорсон. Гэхдээ нисэх буудлыг ашиглалтад оруулах хугацаанд нөлөөлөх хэмжээнд сунжрахгүй.

...Ер нь нисгэгч бэлтгэлийн төв байгуулахад агаарын зайн ачаалал бага, улирал, цаг уурын өвөрмөц нөхцөлд оршдог, далайн түвшнээс дээш өндөртэй аэродромыг сонгох нь дадлага хийх, суралцахад давуу тал болдог...

-Хөшгийн хөндийд ангаар барих хөрөнгө шийдэгдээгүй, асуудал дагуулж байна гэж зарим иргэн ойлгожээ. Шаардлагатай барилга байгууламжаа бүгдийг нь барьж дууссан уу?

-Концессын гэрээгээр барьж буй катерингийн барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Тавдугаар сард багтаан ашиглалтад оруулна. Зээлийн хөрөнгөөс нэг ангаар барьсан бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Улсын комисст хүлээлгэн өглөө. Уг ангаарыг эхний ээлжид МИАТ болон гадаад, дотоодын бусад компани хамтран ашиглана. Ер нь хуваарьт нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчид шинэ нисэх буудалд өөрсдийн ангаар барих хүсэлтэй байгаа. Тиймээс барих газраа товлоод, зөвшөөрлөө авч эхэлсэн. Зээлийн хөрөнгөөр газар шорооны ажил хийсэн талбайд барих тул аж ахуйн нэгжүүдтэй Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран ажиллаж, зохих төлбөрийнх нь талаар зөвшилцөж буй.

-Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор агаарын тээврийн салбарт ямар боломжууд үүсэх бол. Үйлчилгээний хүртээмж сайжрахын хэрээр нислэгийн үнэ хямдрах уу?

-Японы “Жапан эйрлайнз” компани шинээр нислэг үйлдэж эхэлнэ. Мөн Австри, Герман, АНЭУ зэрэг орноос нислэг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж байна. Ер нь Улаанбаатараас гадаадын 100 орчим улс, хот руу нислэг гүйцэтгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, бид шинэ нисэх буудал ашиглалтад оруулсан талаар олон улсад мэдээлэх бөгөөд хамтран ажиллах боломжтой саналыг, аль ч улсаас хүлээн авахад бэлэн гэсэн үг. Харин манай улсын компаниудын нислэгийн тийзний үнэ хямдарна гэж ойлгож болохгүй. Зээлээр барьсан, өндөр өртөгтэй нисэх буудлыг ашиглаж эхлэх тул аливаа зардал нь өсөх нь дамжиггүй. Тиймээс тийзний үнийг нэмбэл үе шаттайгаар, бага багаар өсгөх бодлого барина.

Гадаадын олон компани нислэг үйлдэх, дамжин өнгөрөх нь нэмэгдэх тул өрсөлдөөний зарчмаар зарим чиглэлд илүү хямд үнээр нисэх боломж ч бүрдэнэ. Мөн холбогдох байгууллагууд нь онгоцны шатахуун нийлүүлдэг төрийн өмчит компани байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна. “Роснефть” компани Сингапурын биржийн үнээр түлш нийлүүлэхийг зөвшөөрсөн гэсэн. Шатахууны үнийг тогтвортой байлгах, эсвэл өрсөлдөөний улмаас илүү бууруулах боломж бүрдүүлэхийг зорьж буй хэрэг. Ингэснээр нислэгийн зардал багасгах боломжтой.

-“Буянт-Ухаа” нисэх буудлаас шаардлагатай тоног төхөөрөмж, офиссуудыг нүүлгэх ажлын явц хэр байна вэ?

-Нүүлгэлтийн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. “Буянт-Ухаа” дахь нисэх буудлын цаашдын ашиглалтын талаар Засгийн газар тогтоол гаргасан. Уг буудлын нэрийг хэвээр үлдээн, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц буудал, нисэхийн сургалтын бааз, захиалгат болон онцгой, тусгай үүргийн нислэг үйлдэх буудал байх юм. Мөн агаарын хөлгийн засвар, үйлчилгээний шинэ төв байгуулна. Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа жигдэртэл цаг агаар, техникийн болзошгүй эрсдэлийн үед нөөц буудлаар тогтмол ашиглана гэсэн үг. Энэ нь манайхаас 500-600 км-ийн алс Хөх хот, Эрхүүгийн нисэх буудлыг нөөцөд тооцон, ийм зайг туулах хэмжээний шатахуун тээвэрлэж явдаг олон улсын нислэгийн компаниудад ч эергээр нөлөөлж, хол нисгэхгүй байлган, эдийн засгийн өгөөжийг нь өсгөх юм.

-“Буянт-Ухаа”нисэх буудалд нисэхийн сургалтын төв байгуулна гэлээ. Энэ талаараа тодруулна уу?

-Манайд төдийгүй дэлхий нийтэд нисэхийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ тогтмол өсөж байгаа. Тиймээс “Буянт-Ухаа” нисэх буудлыг түшиглэсэн Иргэний нисэхийн үндэсний төвийн болон МИАТ компанийн нисэхийн сургалтын төвийг олон улсын сургалт, дадлагынх болгон өргөжүүлнэ. Мөн БНСУ-ын Алс Дорнодын их сургууль сургалтын төвөө байгуулахаар болсон. Энэ ондоо багтаан эдгээр ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ер нь нисгэгч бэлтгэлийн төв байгуулахад агаарын зайн ачаалал бага, улирал, цаг уурын өвөрмөц нөхцөлд оршдог, далайн түвшнээс дээш өндөртэй аэродромыг сонгох нь дадлага хийх, суралцахад давуу тал болдог.

-Шинэ нисэх буудлын барилга, байгууламж дахь үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас олох орлого нэлээд нэмэгдэнэ гэсэн. Энэ талаар сонирхож буй, тэнд дэлгүүр, зоогийн газар, кофе шоп нээх иргэн, аж ахуйн нэгжүүд хаана хандах вэ?

-Нисэх буудлын менежментийг Японы тал бүрэн хариуцна. Тэдний тооцож буйгаар нисэхийн бус үйлчилгээнээс олох орлого одоогийнхоос 50-60 хувиар өсөх магадлалтай юм билээ. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх шалгуур, нөхцөлийн талаар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанид хандах, цахим хуудаснаас нь мэдээлэл авах боломжтой.

 

http://unuudur.mn/

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980