“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпораци, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай хамтын ажиллагааны ”Санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд “Хөшгийн хөндий”-н нисэх онгоцны буудал ТӨХХК нь Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпораци, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай ажилтан солилцох , “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ажилчдыг урт богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү, Монгол Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Китанака Такэфүми, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Л.Цэнгүүнжав нар оролцлоо.
Мөн “Жапан эйрпорт терминал” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд дарга ноён Хачисүка Казүёо, “Нарита Интернэйнл Эйрпорт Корпараци”-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд байгууллагын төлөвлөлт, Гадаад бизнес хамтын ажиллагаа, IPO төлөвлөлт хариуцсан газрын гүйцэтгэх захирал ноён Миямото Хидэхаруг төлөөлж, “Нарита Интернэйнл Эйрпорт”корпарацийн Байгууллагын төлөвлөлт, Гадаад бизнес хамтын ажиллагаа, IPO төлөвлөлт хариуцсан газрын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Оокавара Коичи нар оролцов.
Шинэ нисэх онгоцны буудлын хамт олон 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш гурван жилийн дотор зорчигчийн урсгал тасралтгүй, өсөн нэмэгдсээр 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа эвдэж, 2 сая дахь зорчигчоо хүлээн аваад байгаа юм.
2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр агаарын тээврийн нийт зорчигчдын тоо 2,2 саяд хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдөр нэг жилийн дотор 2 сая дахь иргэнээ хүлээн авч байгаа нь энэ үзүүлэлтээ биелүүлж байгааг илэрхийлж буй хэрэг юм.
Мөн “2024 онд Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний "Скайтракс" аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэн байна.