Дэлхийн нисэх буудлуудын рейтинг
Лондон, 2019 оны 03 сарын 13-ны өдөр – Жил тутам зохиогддог 11 дэх удаагийн “Нисэх буудлын эдийн засаг, санхүүгийн бага хурал, үзэсгэлэн” энэ жил Английн Лондон хотноо болсон бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр Олон Улсын Нисэх Буудлуудын Зөвлөл (ACI) дэлхийн нисэх буудлуудын урсгалын жагсаалтыг 2018 оны байдлаар зорчигч тээврийн урсгал, ачаа тээврийн урсгал болон агаарын хөлгийн хөдөлгөөний тоо хэмжээгээр урьдчилсан байдлаар гаргаснаа танилцууллаа.
2018 оны байдлаар зорчигч тээврийн үйлчилгээний урсгал өсөж 8,8 тэрбумд хүржээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 6%-иар өссөн үзүүлэлт бөгөөд 2007-2017 оны жилийн дундаж өсөлт болох 4,3%-иас өндөр байгаа юм.
Харин агаарын ачаа тээврийн зах зээл зорчигч тээвэртэй харьцуулахад өсөлт муутай байгаа бөгөөд дөнгөж 3,2% өссөн байна. Хэдийгээр энэхүү тоон үзүүлэлт 2017 онтой харьцуулахад муу байгаа боловч өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн байдал, АНУ-ын бусад орнуудтай хийсэн худалдааны “дайн” зэргийн нөлөөллийг тооцвол харьцангуй сайн дүн байна үзэж болохоор байгаа юм.
Дэлхийн нийт агаарын зорчигч тээврийн урсгалын 17% нь болох дэлхийн хамгийн “завгүй” 20-н онгоцны буудлын тоон үзүүлэлт 4,7%-ийн өсөлттэй байгаа бөгөөд 1,5 тэрбум гаран зорчигч 2018 онд эдгээр нисэх буудлаар үйлчлүүлжээ. Үүнээс:
· Атланта-Хартсфилд-Жаксон Нисэх буудалтэргүүн байраа хадгалж үлдсэн бөгөөд 107 сая гаруй зорчигчдод үйлчилгээ үзүүлсэн байна.
· Бээжингийн Нисэх буудал 100 сая зорчигчийн босгыг 2018 онд давсан ба 5,4%-ийн өсөлтөөр 2-р байраа хадгалж үлдлээ.
· Дубайн Нисэх буудал 3-р байранд хэвээрээ байсан ба жил бүр 2 оронтой тоогоор өссөн хувьтай байсан бол 2018 онд өсөлт нь 1% байсан байна.
Дэлхийн нийт агаарын ачаа тээврийн урсгалын 42% нь болох дэлхийн хамгийн “завгүй” 20-н онгоцны буудлын тоон үзүүлэлт 2018 онд дөнгөж 1,3%-аар өссөн байгаа бөгөөд нийтдээ 51 сая метр тонн ачаа тээвэрлэсэн нь 2017 онд 7,7%-ийн өсөлттэй байсантай харьцуулахад асар бага байгаа юм. Үүнээс:
· Хонг Конгийн Нисэх буудал хамгийн том агаарын карго үйлчилгээний төв хэвээр байгаа бөгөөд 2018 онд нийт 5 сая тонн ачаа тээврийн үйлчилгээ үзүүлсэн нь 2017 онтой харьцуулахад 1,4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
· Мемфисийн Нисэх буудал 3,1%-ийн өсөлтөөрөө 2-р байрт орсон бол харин
· Шанхайн Нисэх буудал 2018 онд 1,5%-ийн бууралттай байсан ч 3-р байрт орлоо. 2017 онд 11,2%-ийн өсөлттэй байснаас харахад эрэлт буурсантай холбоотой болох нь харагдаж байгаа юм.
Агаарын хөлгийн хөдөлгөөний тоогоор Топ-20-д багтсан нисэх буудлуудын хөдөлгөөний тоо 2018 онд 2,4%-иар өссөн байна. Чикагогийн О’Хара Нисэх буудал Атланта-Хартсфилд-Жаксон Нисэх буудлыг гүйцэж 1-р байрт оржээ. Энэ 2 нисэх буудал аль аль нь 2017 онд бага зэргийн бууралттай байсан бол 2018 онд тус тус 4,2% ба 1,8%-аар агаарын тээврийн хөдөлгөөн өссөн байна.
ACI World-ийн тэргүүн Ангела Гиттенс: “Хэдийгээр дэлхийн геополитикийн уур амьсгал айдас хүйдэстэй, түгшүүртэй байгаа боловч дэлхийн агаарын зорчигч тээврийн урсгал өсөлттэй байгаа нь бидэнд ихээхэн итгэл найдвар төрүүлж байна. Агаарын тээвэр нь дэлхийн эдийн засаг болон улсуудын хөгжилтэй нягт уялддаг ч гэсэн барууны хэд хэдэн улсад өрнөөд байгаа үндсэрхэг хөдөлгөөн, популизм-аас шалтгаалан агаарын тээврийн өсөлт саарах аястай болж байна” хэмээн тэмдэглэв. Түүнчлэн “Дэлхийн олон улсад агаарын тээврийн өртөг буурснаар дундаж давхаргынханы агаарын тээврээр үйлчлүүлэх тоо өсч, зорчигч тээврийн урсгал байнгын өсөлттэй байгаа билээ. ACI-ийн гаргасан дунд хугацааны таамгаар агаарын тээврийн үйлчилгээний хэрэгцээ 2018 оноос 2023 онд хүртэл 30%-ийн өсөлттэй байхаар байгаа юм. Энэ нь маш олон улсуудын засгийн газраас байнгын өсөж байгаа хэрэгцээг хангахын тулд онгоцны буудлуудын хүртээмжийн нэмэхийг шаардаж байгаа юм. Карго үйлчилгээний хувьд дэлхийн худалдааны хурцадмал байдлаас шалтгаалан дүр зураг тийм ч нааштай харагдахгүй байна. Одоо ид үргэлжилж буй АНУ-ын өөрийн томоохон худалдааны хамтрагчидтайгаа хийж буй худалдааны дайн нь дэлхийн аж үйлдвэрлэл, бараа нийлүүлэлтэд томоохон цохилтыг үзүүлж байна” гэв.
Өөр нэг чухал сэдэв бол Энэтхэг улс 2018 оны байдлаар зорчигч тээврийн хувьд АНУ ба Хятад улсуудын араас дэлхийн 3 дахь том агаарын тээврийн зах зээл болсон байна. Энэтхэг улсын хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг ба мөн нисэхийг зах зээлийг либералчилсан нь агаарын тээврийн зах зээл богино хугацаанд асар хурдацтай өсөх гол шалтгаан болжээ.
Мөн хэдийгээр карго үйлчилгээний зах зээлийн үзүүлэлт сайнгүй байгаа ч гэлээ хэд хэдэн онгоцны буудлууд (жишээ нь: Катарын гол зангилаа нисэх буудал Доха)-ын карго тээврийн үзүүлэлт байнгын хурдацтай өсч байгаа нь онцлууштай байлаа. Дохагийн Нисэх буудал 2018 онд 16-р байраас 11-р байранд огцом үсэрч орж ирсэн юм.