Нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийн сургалтад оролцлоо
БНСУ-ын “Инчон нисэх буудлын нисэхийн академи”-д 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан "Нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлт" сургалтад ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, нүүлгэн шилжүүлэлт хийх байгууллагуудын ажилтнуудтай хамт “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Нисэх буудлын төлөвлөлтийн ажилтан Ч.Бат-Эрдэнэ, А.Тэнүүн нар оролцлоо. ИНЕГ-аас БНСУ-ын "Инчон нисэх буудлын нисэхийн академи"-тай хамтран зохион байгуулсан тус сургалтад компанийн төлөөлөл болон нүүлгэн шилжүүлэлт хийх агаарын тээвэрлэгчид, хилийн хяналтын байгууллагууд, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба, Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны алба зэрэг байгууллагуудаас сургалтад хамрагдсан юм.
Тус арга хэмжээний үр дүнд нисэх буудлын үйл ажиллагааг илүү нарийвчлалтай, дэлгэрэнгүй бэлдэх талаар олж авсан туршлага болон Буянт-Ухаа дахь олон улсын нисэх онгоцны буудлыг Хөшигийн хөндийн шинэ буудал руу нүүлгэх явцад зайлшгүй хийх ёстой ажлууд, учирч болох эрсдлүүд, анхаарах зүйлсийг өөрийн орны байгаль, цаг агаарын онцлог, ложистикийн байдал, хүний нөөц, ажилтнуудын байдал гэх мэт зүйлстэй уялдуулан нутагшуулах талаар, мөн түүнчлэн нүүлгэн шилжүүлэлтийн явцын менежментийн арга барил, удирдлагын бүтэц болон координацын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл олж авсан юм.