Мэдээлэл

09 Oct 2023

Китанака Такэфуми: "Чингис хаан" олон улсын нисэх буудал зуны оргил ачааллын үед өдөрт 9,000 гаруй зорчигч хүлээн авлаа

Image

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

- Манай "Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал" ХХК нь "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хариуцдаг.

Нисэх буудлын үйл ажиллагаа нисэх буудлаас гадна төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, хил гааль, гадаадын иргэн харьяат, иргэний агаарын тээврийн цагдаа, агаарын тээвэрлэгчид гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаанд тулгуурладаг онцлогтой юм.

Энэ жилийн хувьд олон улсын нислэг, зорчигч урсгалын тоо КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдэж 110 хувийн гүйцэтгэлтэй, орон нутгийн нислэг, зорчигч урсгал цар тахлын өмнөх үетэйгээ ойролцоо түвшинд очоод байна.

- Нисэх буудал бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж байгаа юу. Жилд дунджаар хэдэн хүнд үйлчлэх боломжтой вэ?

- Юуны өмнө Хөшигийн Хөндийн шинэ нисэх буудлын төсөл хоёр үе шаттай хэрэгжиж байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Эхнийх нь "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл". Монгол Улсын Засгийн газрын захиалгаар 2009 онд эхэлж, анх 1.6-1.7 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар тооцоолж, зураг төслийг боловсруулан баталж, 2017 онд нисэх буудлын барилгын ажил дууссанаар Улсын комисс хүлээн авсан байдаг.

Улмаар 2019 оны долдугаар сард "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент төсөл"-ийг эхлүүлж, нисэх буудлын ашиглалт, менежментийн хэрэгжилтийг Концессын гэрээгээр манай Монгол-Японы хамтарсан "Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал" ХХК-д шилжүүлсэн. Нисэх буудал 2021 оны долдугаар сард нээлтээ хийн гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид боломжит бүх гаргалгааг тооцоолж, нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч холбогдох талуудтай хамтран цагийн хуваарийн зохицуулалт, үйлчилгээний түвшинг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтуудыг хийснээр жилд 2.6 сая зорчигч хүлээн авах боломжтой гэж тооцоолол гаргалаа. Үүний 2.3 сая нь олон улсын, үлдсэн нь орон нутгийн чиглэл гэсэн судалгаа бий. Энэхүү судалгаа, тооцооллыг бид Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан.

Монгол Улсын агаарын тээвэр, нисэх буудлын үйл ажиллагаа их өвөрмөц онцлогтой. Хөөрч буух нислэгүүд өглөө эрт, өдрийн тодорхой цагуудад нэг дор төвлөрч, ачаалал ихсэж, бусад цагт харьцангуй багасдаг. Түүнчлэн агаарын тээвэрлэгч компаниудын цагийн хуваарийг зөв зохицуулж, давуу талыг ашиглаж чадвал дээрх хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Гэвч зөвхөн Монгол Улсаас хөөрөх цагаас гадна очих нисэх буудал, буцах цаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас цагийн хуваарийн зохицуулалт хараахан шийдэгдээгүй байна. Цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн ачааллыг тогтвортой, хэлбэлзэлгүй байлгах чиглэлээр Засгийн Газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, агаарын тээвэрлэгч компаниудтай хамтран ажиллах болно.

- Ачаалал дээр тодотгож асууя. Энэ жилийн 6-8 дугаар сард жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Та бүхэн хэчнээн зорчигч үйлчлүүлэгч хүлээн авсан бэ?

- Зургаадугаар сараас эхлэн зорчигч урсгал эрс нэмэгддэг. Ялангуяа наймдугаар сар бол нисэх буудлын хамгийн ачаалалтай үе бөгөөд тухайн сард олон улс, орон нутгийн нийт 232,713 зорчигч хүлээн авсан. Наймдугаар сарын 12-ны өдөр 9,085 зорчигч хүлээн авсан амжилттай байна.

Өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээнд нисэх буудал ачааллаа дийлэхгүй, зорчигчийн бөөгнөрөл үүсэж байна гэсэн зургийг иргэд оруулсан байсан.

Нислэгүүд хуваарийн дагуу явагддаг ч цаг агаарын нөхцөл байдал, ажил үүргийн хуваарилалт хангалтгүй зэрэг урьдчилан тооцоолоогүй олон нөхцөл байдлаас шалтгаалан нислэг саатах, давхцах тохиолдол гарч, бөөгнөрөл үүсэх нөхцөл болдог. Тодорхой хүчин зүйлээс шалтгаалж зорчигчид нэг дор ирэх нь хүлээлт, дараалал үүсэхэд хүргэдэг. Үүнийг бууруулахад анхаарч тодорхой ажлуудыг тооцож, төлөвлөсөн.

Энэ хүрээнд нисэх буудлын зүгээс энэ оны зургаадугаар сарын эхээр нэгдүгээр давхрын ирэгчийн танхимын ачаа тээш хүлээн авах гурван ширхэг туузан дамжуургын хоёр төхөөрөмжийг 36 метр байсныг 60 метр хүртэл буюу 1.5 дахин өргөтгөснөөр өргөн биет агаарын хөлгийн ачааг нэг туузан дамжуурга дээр гарган олон тооны тээшийг богино хугацаанд хүлээн авах давуу талтай болсон.

Мөн нисэх буудлын хоёрдугаар давхрын нийтийн эзэмшлийн бүсэд байрлах зарим үйлчилгээний байгууллагуудын байршлыг өөрчиллөө. Улмаар чөлөөлсөн талбайн ханыг буулган 150 м.кв-аар өргөтгөсөн. Нэгдүгээр давхрын олон улсын ирэгчийн танхимын хилийн хяналтын бүсийн зай талбайг өргөтгөж хүчин чадлыг тус тус нэмэгдүүлээд байна.

Ирэх онд зорчигч бүртгэлийн цэгийн тоог нэмэгдүүлэх, дахин зай талбайгаа өргөтгөх боломжийг судалж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

- Ирэх жил ачаалал улам нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ жилийн нөхцөл байдалд үндэслэн ирэх жил хийх ажил нь зай талбайгаа нэмэгдүүлэх, цагийн зохицуулалтыг боломжит түвшинд хийх зэрэг гэж ойлголоо. Зөв үү?

- Тийм ээ.

- Олон нийтийн сүлжээнд зарим хүн Чингис хаан нисэх буудалд олон улсын нислэгээ, Буянт-Ухаа нисэх буудлыг орон нутгийн нислэгээ хүлээн авдаг болбол ачааллыг бууруулна гэж байгаа. Харин нөгөө тал нь зөвхөн зундаа үүсэж байгаа ачааллын төлөө хоёр талд хуваагдах нь буруу ч гэдэг. Энэ асуудалд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцаж байгаа байгууллагын хувьд ямар байр суурьтай байна вэ?

Нисэх буудалд олон улс болон орон нутгийн нислэгийн үйл ажиллагаа нэг дор явагдаж байж үр дүн, ач холбогдол бүхий цогц үйлчилгээ болно гэж харж байна. Төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, агаарын тээвэрлэгчид ч мөн ийм байр суурьтай байдаг. Нисэх буудлын үйл ажиллагааг хоёр талд аюулгүй, тасралтгүй хэвийн явуулахад хүний нөөц бэлтгэх, техник тоног төхөөрөмжийн боломж, үйл ажиллагааны зардал гэх мэт зайлшгүй үүсэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой болно.

Мөн аялал жуулчлал хөгжихийн хэрээр олон улсаас орон нутаг руу чиглэх зорчигч урсгал улам нэмэгдэх учраас олон улс орон нутгийн нислэг нэг дор байх нь илүү оновчтой. Түүнчлэн нийслэл хотоос алслагдмал, нийтийн тээвэр хөгжөөгүй байгаа одоогийн нөхцөлд олон улсаас орон нутаг руу явах зорчигч хугацаа алдах гэх мэт асуудлуудыг нэг дор байснаараа шийдэж байгаа юм.

- Хүн хүчний хомсдол, бэлэн байдал хэр байгаа вэ. Олон улсад энэ асуудал тулгамдаж байгаа?

- Манай компани 650 гаруй ажилтантай. Бид үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш КОВИД-19 цар тахлын маш хүнд үеийг даван туулсан. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөл байдалтай тулж, салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч нэг ч ажилтныг цомхотголгүйгээр ажлын байрыг нь хадгалж үлдэж чадсан.

Гаднын зарим улсад аюулгүй байдлын ажилтан хомсдсоны улмаас хилээр нэвтрүүлж чадахгүй байна, агаарын тээвэрлэгч компани нь газрын үйлчилгээний ажилтангүйн улмаас ачаа тээвэрлэх боломжгүй тул зөвхөн зорчигч авч явах боломжтой гэсэн мэдээллүүд гарч байсан. Эдгээртэй харьцуулбал манай компани цар тахлын өмнө болон дараа хүний нөөцийн хомсдолд ороогүй.

- Нисэх буудал гэхээр зөвхөн Зорчигч терминалын барилга гэж ойлгож болохгүй байх. Танай бохир ус цэвэршүүлэх байгууламж усыг 94 хүртэл хувь цэвэрлэж, лагийг дахин боловсруулан бордоо хийхээр туршиж байгаа тухай сонссон. Энэ мэтчилэн сайн жишээнээсээ танилцуулна уу?

- Манай бохир ус цэвэрлэх байгууламж бохир усыг 94 хувь цэвэрлэж, цэвэрлэгдсэн усыг зам талбайн тоос дарах, ариутгах татуургын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ туршилт, онгоцноос гарч байгаа бохирыг зөөх автомашины дотор талын цэвэрлэгээ, суултуур зайлах зэрэгт дахин ашиглаж байна. Мөн усгүйжүүлсэн лагийг бордоо болгох туршилтыг хийж, лагийг бордоо болгох усны чанарын шинжилгээний арга зүйг сайжруулах, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах чиглэлээр МУИС-ийн Хүрээлэн буй орчин инженерчлэлийн лабораторитой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг гурван жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллаж байна.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980