"Нислэгийн үнэ буурах боломжийг нээлээ"
ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Саяхан Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн давтамжийг нэмсэн тухай мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын хувьд Бүгд найрамдах Солонгос улстай агаарын харилцаа нэлээн өргөжин тэлж байна. 1991 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хооронд хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийг байгуулснаас хойш 1998 онд маршрутыг тогтоож, багтаамжийг долоо хоногт гурваас ихгүй давтамжтайгаар 500 зорчигчийн суудалтай байхаар тохирсон байдаг. Үүнээс хойш 2003 онд давтамжийн тоо долоо хоногт зургаа болж нэмэгдэж, зорчигчдын тоо 800 орчим давсан.
Монгол улсын иргэд БНСУ-ыг зорих нь эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сөүлийн чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Бид энэ хугацаанд 10 орчим удаа Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн багтаамжийг харилцан ашигтай байдлаар тохиролцох уулзалт хэлэлцээг хийсэн боловч тодорхой үр дүн гарч байгаагүй юм.
Тэгвэл 2018 оны арванхоёрдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар БНСУ-д ажлын айлчлал хийхдээ дээрх шийдвэрлээгүй асуудлын талаар БНСУ-ын талтай нэлээн өргөн хүрээний уулзалт хийснээр дээрх чиглэлийн давтамж, зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм. Ингээд нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо хийсэн хоёр талын уулзалт, хэлэлцээний дүнд агаарын харилцаанд хамтын ажиллагаа тэлэх нөхцөл бүрдээд байна.
Энэ хэлэлцээрийн дүнд Улаанбаатар-Сөүл хоорондын нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, Солонгосын талаас долоо хоногт ес хүртэл байхаар, мөн суудлын тоо агаарын хөлгөөс хамааран нэг талаас 1,548-1,656 хооронд байсныг тус тус 2,500 хүртэл суудал байхаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл давтамж, зорчигчдын тоо ийнхүү нэмэгдэж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн хэлэлцээрийн хүрээнд шийдэгдсэн нэг гол ажил бол БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа мэдэгдсэн явдал юм.
-Улаанбаатар-Сөүл чиглэлээс гадна Бусан чиглэлийн давтамжийг нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл байсан?
-Тийм ээ, БНСУ-ын Бусан хот руу зорчих хөдөлгөөн огцом нэмэгдсэн. Иймд Улаанбаатар-Бусан чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаагийн давтамжтай, 162 хүртэл суудалтай Боинг 737, Эйрбас А320, А321 маягийн агаарын хөлгөөр үйлддэг байсныг хоёр талаас тус бүр нэг давтамжаар нэмэгдүүлж долоо хоногт гурван удаагийн давтамжтай, 195 хүртэл суудалтай агаарын хөлгийн маяг харгалзахгүй үйлдэхээр талууд харилцан тохиролцоонд хүрээд байгаа.
Түүнчлэн хоёр улсын гадаад худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор, мөн энэ оны долоодугаар сараас Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан дан ачаа тээврийн нислэгийг Улаанбаатар-Сөүл чиглэлд энэ удаагийн хэлэлцээрээр долоо хоногт тав хүртэл давтамжтай байхаар шинээр харилцан тохиролцсон.
Өөр нэг шинэ тохиролцоо бол захиалгат нислэгийг тогтоосон шугамд /маршрутад/ зөвхөн томилогдсон агаарын тээвэрлэгчдэд олгохоор боллоо. Хэлэлцээрийн эцэст талууд жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан тухайн жилийн тээвэрлэлтийн бодит эрэлт хэрэгцээг харгалзан тохиролцсон шугамд нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх эсэх талаар харилцан зөвшилцөж байхаар болсон.
-Агаарын харилцаа ийнхүү өргөжиж байна. Энэ хэлэлцээрийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Энэ удаагийн хэлэлцээр бол ихээхэн ач холбогдолтой. Улаанбаатар-Сөүлийн чиглэлд монголын талаас долоо хоногт таван давтамжаар, суудлын тоо 1,000 орчим /952 суудал/-оор нэмэгдсэнээр энэ чиглэлд хоёр улсын агаарын тээвэрлэгчид жилдээ нийт 94 мянга орчим суудлыг зах зээлд нэмж гаргах боломжтой болсон. Түүнчлэн БНСУ-ын талаас хоёрдогч агаарын тээвэрлэгч орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж зах зээлд гаргах нэгж суудалд оногдох үнэ тариф тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна.
Улаанбаатар-Бусаны нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсний дүнд энэ чиглэлд зах зээл хоёр талаас жилдээ нийт арван мянга 300 орчим суудлаар нэмэгдэнэ. Хоёр улсаас томилогдсон агаарын тээврийн байгууллагууд гуравдагч талтай аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтын үр дүнд хоёр талын агаарын тээврийн байгууллагуудын нисэн очихоор тохиролцсон цэгээс цааших чиглэлд гуравдагч улсын агаарын тээврийн байгууллагатай аяллын дугаар хуваан ашиглан нислэг үйлдэх эрх нээгдэж байгаа юм. Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бусан чиглэлд хэдийгээр нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлж тохиролцсон боловч зуны оргил ачаалалтай үе болох 6-8 дугаар сард зорчигч тээврийн эрэлт өндөр байдаг.
Тиймээс нэмэлт нислэгийн зохицуулалтыг хадгалж үлдсэн. Захиалгат буюу чартер нислэгийн зөвшөөрлийг Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бусан чиглэлд зөвхөн томилогдсон агаарын тээвэрлэгчдэд олгох ба бусад чиглэлд томилогдоогүй агаарын тээвэрлэгчид үйлддэг байхаар тохирсон явдал бол нэг талаас дурдсан хоёр чиглэлд томилогдсон агаарын тээвэрлэгчдийн эрх ашгийг харгалзсан, нөгөө талаас зөвхөн энэ хоёр хотоос гадна бусад чиглэлээс захиалгат нислэг буюу чартер нислэгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг дэмжсэн алхам болсон.
https://ikon.mn/n/1hhx