"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК-ИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД
1. Нислэг, зорчигч урсгал
Хөшгийн Хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш олон улс болон орон нутгийн чиглэлд нийт 12,155 нислэг үйлдэгдэж, 1,062,423 зорчигч хүлээн авсан ба үүнээс 2022 онд олон улсын чиглэлд 5,211 нислэг, орон нутгийн чиглэлд 4,288 нислэг үйлдэгдэж, нийт 9,499 нислэг, 954,570 зорчигч хүлээн авсан амжилттай байна. “Ковид-19” цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулбал олон улсын нислэг 50 хувиар, орон нутгийн нислэг 53 хувиар, зорчигч урсгал 58 хувиар тус тус сэргэсэн үзүүлэлттэй байна.
2. Агаарын тээвэрлэгчид, хамтын ажиллагаа
“НУБИЭ” ХХК нь дотоод, гадаадын 14 агаарын тээвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж байна. Эдгээрээс 2022 онд Инчеон-Улаанбаатар чиглэлд БНСУ-ын Жэжү Эйр (Jeju air) болон Ти вэй (T-way) компаниуд шинээр нислэг үйлдэж эхэлсэн. Мөн БНХАУ-ын агаарын ачаа тээврийн томоохон төлөөлөл болох “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ авч, ачаа тээврийн нислэг үйлдэж байна.
Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ЗТХЯ, ИНЕГ-аас Бүгд Найрамдах Турк Улсруу нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлж, агаарын тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах чиглэлээр хийгдэж буй ажлууд нь цаашид нисэх буудлын зорчигч урсгалыг нэмэгдүүлж, хамтран ажиллах агаарын тээвэрлэгчдийг шинээр нэмэгдүүлэх зэрэг чухал нөлөөтэй арга хэмжээ болж байна.
2022 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас 5 агаарын тээвэрлэгчийг 34 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсоноос, “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг 6 чиглэл (Үрэмч, Шанхай, Сингапур, Москва, Екатеринбург, Берлин)-д зорчигч тээврийн, “МИАТ” ТӨХК-ийг Новосибирск чиглэлд, “Хүннү Эйр” ХХК-ийг Чэндү чиглэлд зорчигч тээврийн, Изинис Эйрвэйз ХХК-ийг 6 чиглэл (Москва, Лондон, Истанбул, Хонконг, Сөүл, Чэндү)-д ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр тус тус томилсон байна.
3. Нисэх буудлын хүчин чадлын тооцоолол, нислэгийн төлөвлөлт, зохицуулалт
Нисэх буудлын хүчин чадлын тооцоололд үндэслэн ашиглалтыг нэмэгдүүлэх, нислэгийн цагийн хуваарийн зохицуулалтыг сайжруулах, зорчигч үйлчлүүлэгчдийн бөөгнөрлийг бууруулах зорилгоор нисэх буудлын барилгын зай талбай, агаарын хөлгийн зогсоол, бүртгэлийн цэг, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэгт суурилсан нисэх буудлын нислэгийн ачааллыг тооцоолох загварчлалыг (симулятор) зохиож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Энэ программд үндэслэн ИНЕГ-тай хамтран 2022-2023 оны өвлийн нислэгийн цагийн хуваарьт саналаа тусгаж, Цагийн хуваарийн зөвлөлөөр батлуулснаар, нислэгийн цагийн хуваарийг зөв оновчтой төлөвлөж, нисэх буудлын ашиглалтыг нэмэгдүүлсэн.
4. Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд
“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй агаарын тээвэрлэгчдээс зорчигч, ачаа тээврийн урсгал өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан нислэгийн давтамжийн тоог нэмэгдүүлэх, том оврын Боинг 777-300ER, Боинг 787-900 зэрэг агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх сонирхолоо тогтмол илэрхийлсээр ирсэн. Дээрх агаарын хөлгүүд болон нисэх буудлын аэродромын хүчин чадал, хучилтын даацын үзүүлэлтүүдийн талаар мэргэжлийн инженерүүд Олон улсын иргэний нисэхийн аргачлал, зөвлөмжүүдийн дагуу хийсэн тооцооллоор аэродромын хучилтын одоогийн даацын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэн тодорхойлж, ИНЕГ-аар хянуулан дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдэд холбогдох мэдээллүүдийг хүргүүлэн, том оврын агаарын хөлгөөр даацын хязгаарлалтгүй нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүллээ. Энэ нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч түүнчлэн агаарын хөлгийн эдийн засгийн үр ашигтай, аюулгүй ажиллагааг хангасан нислэгийн үйл ажиллагааг явуулах боломжийг илүү нэмэгдүүлсэн арга хэмжээ болсон.
5. Агаарын хөлөгт үзүүлэх газрын үйлчилгээ
“НУБИЭ” ХХК нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн БНСУ-ын ачаа тээврийн “Эйр Инчеон” ХХК-тай SGHA буюу стандарт газрын үйлчилгээний гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын газрын үйлчилгээний чадамжийг сайжруулж, агаарын хөлөгт олон улсын жишигт нийцсэн газрын цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.
6. Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал болон үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд Европын холбоо, олон улсын агаарын тээвэрлэгч нарын холбооноос (ISAGO) зохион байгуулсан аюулгүй байдлын үзлэг шалгалтуудад амжилттай хамрагдсанаар үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд нисэх буудлаас олон улсад нислэг үйлдэх зөвшөөрөл авсан.
2023 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр - байнгын хяналтын аргачлал (USAP-CMA)-ын төлөвлөгөөт үзлэг шалгалт болон АНУ-руу шууд нислэг үйлдэхтэй холбоотой Америкийн нэгдсэн улсын Тээврийн аюулгүй байдлын агентлаг (TSA)-ын аудит шалгалтад хамрагдахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
7. Дэд бүтэц
“НУБИЭ” ХХК нь Концессийн гэрээгээр хариуцан ашиглаж буй инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж байгаа бөгөөд, 2022 онд инженерийн дэд бүтцийн байгууламжуудын газарзүйн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлсэн.
Газарзүйн мэдээллийн нэгдсэн сан нь дэд бүтцийн бүхий л мэдээллүүдийг бүртгэх, хянах, удирдах боломжийг олгодог бөгөөд оновчтой шийдвэр гаргах, ажлын бүтээмжийг өсгөх, зардал бууруулах давуу талуудтай.
8. Усны чанарын хяналт
Бохир ус цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэгдсэн саарал усыг MNS4943:2015 хүрээлэн байгаа орчин усны чанарыг ханган, байгальд нийлүүлж байна. Хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, цэвэр усыг хэмнэх зорилгоор MNS6734:2018 дахин ашиглах усны стандартын шаардлагыг хангаж зам талбайн тоос дарах, ариутгах татуургын засвар үйлчилгээ туршилт, суултуур зайлах, бетон бэлтгэх зэрэгт эргүүлэн ашиглаж байна.
Цэвэрлэгдэн гарч, байгальд нийлүүлж буй усны чанарын хяналтын суурин анализаторыг суурилуулан ашиглаж байгаа нь Монгол Улсад анх удаа ашиглаж буй дэвшилтэт технологи юм.
Мөн усгүйжүүлсэн лагийг бордоо болгох туршилтыг хийж, лагийг бордоо болгох усны чанарын шинжилгээний арга зүйг сайжруулах, хог хаягдлын бууруулах, дахин ашиглах чиглэлээр Монгол Улсын Их Сургуулийн Хүрээлэн буй орчин инженерчлэлийн лабораторитой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 3 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллаж байна.
9. Олон улсын SKYTRAX “ГУРВАН ОД” зэрэглэл
Дэлхийн нисэх буудлуудын аудитын байгууллага болох “Скайтракс” судалгааны байгууллагаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээний чанарын дүн шинжилгээ хийлгэх, үйлчилгээний чанарын стандартын “ГУРВАН ОД” зэрэглэл авах зорилт тавин, бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
Дээрх зорилтын хүрээнд нисэх буудлын үйлчилгээний чанар, ажилтнуудын харилцаа хандлага, орчны тав тухыг сайжруулах чиглэлээр нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран олон талт үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.
Мөн Япон Улсын “Ханэда” олон улсын нисэх буудалтай хамтран ажиллаж, тус нисэх буудлын зааварлагч багш нар удирдан, 2022 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал хугацаанд ахлах ажилтнуудыг хамруулж, зааварлагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулсан.
Энэхүү сургалт нь "Үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажилтнуудыг сургах, заах, мөн тулгарч буй асуудлыг “PDCA цагиригийн арга”-ийг ашиглан төлөвлөн хэрэгжүүлэх арга барил"-д суралцан, асуудлыг шуурхай тогтоох, оновчтой шийдвэрлэх чадвар бүхий ажилтан бэлтгэхэд чиглэсэнээрээ онцлог юм.
10. Тэгш хүртээмж, ээлтэй орчин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээ шаардлагатай иргэдэд саадгүй нэвтрэх, зорчих боломжтой тусгай тэмдэг, тэмдэглэгээтэй автомашины зогсоол, цахилгаан шат, ариун цэвэр-эрүүл ахуйн зориулалттай өрөө, орох, гарах үүдний босгыг стандартад нийцүүлэн иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж, хүртээмжтэй орчин бий болгосон.
Мөн нисэх буудлаар үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй зорчигч, өндөр настан, бага насны хүүхэдтэй зорчигч, үйлчлүүлэгчдийн онцлог хэрэгцээнд нь тулгуурласан үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор нисэх буудлын зорчигч үйлчилгээний 85 ажилтнууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, хэрэгцээнд нийцсэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: "НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК