Мэдээлэл

22 Nov 2018

Дэлхийн хамгийн их хүн зорчдог 20 чиглэл

2017 онд агаарын тээврийн компаниуд нийт 4,3 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь дээд үзүүлэлт тогтоосон бөгөөд энэ тоо цаашид ч улам өсөх хандлагатай байгаа юм. Нислэгийн мэдээллийн тэргүүлэгч О Эй Жи компанийн хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийн хамгийн их хүн зорчдог чиглэлүүдийг зорчигчдын тоогоор жагсаан харуулсан байна. Энэхүү үзүүлэлтийг 2017 оны 3 дугаар 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох тоон үзүүлэлтээр гаргасан байна.

20: Чикаго-Торонто

Өнгөрсөн жил энэ 2 хотын хооронд 1 сая гаруй зорчигч ниссэн байна. Ойролцоогоор нийт зорчигчийн 60 орчим хувь нь дамжин өнгөрөх нислэг хийсэн байсан ба Чикаго хотын нисэх буудалд буусан зорчигчдын хамгийг түгээмэл эцсийн буудал нь Сан-Франциско хот, Торонто-д буусан зорчигчдынх Эдмонтон Интернэшнл тус тус байсан байна.

19: Амстердам-Лондон Хитроу

Европын хамгийн ачаалал ихтэй нисэх онгоцны буудлуудын 1-р (Хитроу) ба 3-р (Амстердам) байранд орох нисэх буудлуудын хооронд өнгөрсөн онд 1,8 сая зорчигч аялсан нь Европын 2 дох хамгийн ачаалалтай агаарын урсгал болсон билээ. Хитроуд дамжин нислэг хийсэн зорчигчдын нэлээдгүй хэсэг нь АНУ руу нисдэг байна.

18: Сөүл Инчон – Токио Нарита

Азийн агаарын урсгалууд энэхүү жагсаалтын 20-иос 14 байгаа нь гайхмаар үзүүлэлт биш юм. Сөүлд газардсан зорчигчдын 78%, Токиод газардсан зорчигчдын 81% нь зорьсон газартаа очиж байгаа нь энэ юм.

17: Осака– Шанхай Пүдунг

Осакагаас Шанхай хүрэх урсгалын ачаалал сүүлийн арван жилд идэвхтэйгээр нэмэгдэж байгаа ба 2008 онтой харьцуулахад даруй 1 сая гаруйгаар нэмэгдсэн байна.

16: Нью-Йорк Жон Ф.Кеннеди – Лондон Хитроу

5500 км, 7 цагийн нислэг нь энэхүү жагсаалтад орсон хамгийн хол нислэг бөгөөд тив дамжин нисдэг цорын ганц чиглэл нь юм.  Бритиш Эйрвэйс энэхүү чиглэлд нислэг үйлддэг 4 компаниас зорчигчдын хамгийн түгээмэл сонголт байдаг боловч мөн хамгийн цагаа барьдаггүй нь юм байна.

15: Осака – Тайпэй

Япон-Тайваны чиглэл нь энэхүү жагсаалтад орсон бусад чиглэлээс нутгийн иргэд зорчдогоороо ялгагдаж байгаа юм. Аль аль буудалд газардаж байгаа нийт зорчигчдын 94% нь цаашаа дамжих нислэг хийдэггүй ажээ. Мөн энэхүү чиглэл нь агаарын тээвэрлэгчдийн гол өрсөлддөг чиглэл бөгөөд 10 компани хоорондоо өрсөлддөг байна.

14: Дублин – Лондон Хитроу

Ирландын нийслэлээс Лондон хүртэл зөвхөн цаг хагас л нисдэг ба агаарын тээврийн 2-хон компани (Бритиш Эйрвэйс, Эйр Лингус) шууд нислэг үйлддэг байна. Түүнээс гадна онгоцны сонголт байхгүй зөвхөн Эйрбус нисдэг. Мөн энэхүү чиглэл нь Чикаго-Торонто хоорондын чиглэлийн дараа 2-т орох дамжин өнгөрөх нислэгтэй чиглэл ажээ.

13: Хонконг – Бээжин

Хонконгийн нисэх буудал нийт зорчигчийн урсгалаараа дэлхийд 8-рт, олон улсын зорчигчийн тоогоор 3-р байранд ордог байна. Энэ чиглэл нь их хэмжээний усан дээгүүр нисдэггүй гэдгээрээ онцлог ба галт тэргээр явбал 24 орчим цаг явж хүрдэг нь ниссэнээс даруй 20 цагаар урт байдаг байна.

12: Бангкок Суварнабуми – Хонконг

Суварнабуми нисэх буудлын өнгөрсөн жилд хүлээж авсан зорчигчдын тоо нь өмнөх үеийнхээс 8,9%-аар өссөн бөгөөд түүний дотор дотоодын зорчигчдын тоо 13%-иар өссөн байна. Гэвч энэ чиглэлийн зорчигчдын тоо нь 2017 онд 6%-аар буурсан үзүүлэлттэй байгаа билээ. Энэ чиглэл нь энэхүү жагсаалтад байгаа зөвхөн өндөр багтаамжтай онгоц нисдэг 7 чиглэлийн нэг юм.

11: Бангкок Суварнабуми– Сингапур

Энэхүү агаарын урсгал нь 2017 онд нийт боломжит 3,6 сая суудалд 2,9 сая зорчигч тээвэрлэсэн нь суудал дүүргэлт 79% болж байгаа юм.

10: Хонконг – Сингапур

Энэхүү чиглэлд ниссэн зорчигчдын тоо 2009 онд 3 сая байсан бол 2011 он гэхэд 4,5 сая хүртэл огцом өссөн. Харин сүүлийн 5 жилд уг үзүүлэлт жил бүр тогтмол буурч байгаа юм. Өнгөрсөн жил 4,1 сая боломжит суудалд нийт 3,2 сая зорчигч тээвэрлэн 77%-ийн суудал дүүргэлттэй байжээ. Энэ 2 онгоцны буудал нь СкайТракс-ийн “хамгийн шилдэг 10-н нисэх буудал”-ын жагсаалтад багтсан бөгөөд Хонконг 4-р байранд, Сингапур 1-р байранд (сүүлийн 6 жил тасралтгүй) орсон билээ.

9: Дубай – Кувейт

Дубай 2014 онд Хитроу нисэх буудлаас дэлхийн хамгийн “завгүй” нисэх онгоцны буудал гэсэн цолыг нь булааж байсан билээ. 2018 онд Дубайн нисэх буудлын ачаалал 2,4%-иар өсөж, нийт 90,3 сая зорчигч хүлээн авахаар байгаа юм. Энэхүү агаарын урсгалын статистик үзүүлэлтэд зааснаар Эмиратс агаарын тээврийн компани нийт зорчигчдын 49%-ийг тээвэрлэж байгаа нь яалт ч үгүй сонирхол татаж байгаа юм.

8: Нью-Йорк ЛаГуардиа – Торонто

АНУ-ын хамгийн их нислэгтэй чиглэл бөгөөд 2017-2018 онд энэ 2 буудлын хооронд нийт 16,956 нислэг хийгдсэн байна.  Мөн суудал дүүргэлт 88% байдаг нь Амстердам-Хитроу чиглэлийн суудал дүүргэлт 90% гэсэн үзүүлэлтийн ард дэлхийд 2-р байранд орох үзүүлэлт билээ.

7: Хонконг – Сөүл Инчон

Хонконг-Сөүлийн чиглэлд 2017 онд 17000 гаруй нислэг үйлдэгдсэн байна. Энэ дундаас хамгийн сонирхол татаж буй үзүүлэлт нь нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгчдийн тоо юм. Нийт 11 агаарын тээвэрлэгч энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдгаас Хонконгийн Катэй Пасифик Эйрвэйс компани хамгийн их буюу нийт нислэгийн 26%-ийг үйлдсэн байна. Энэхүү чиглэлийн ачаалал өнгөрсөн 10-н жилийн хугацаанд огцом нэмэгдсэн ба 2009 онд 2,5 сая хүрэхгүй зорчигч аялдаг байсан бол 2017 он гэхэд бараг 2 саяар нэмэгдэж нийт 4,3 сая зорчигч болсон байна.

6: Сөүл Инчон – Осака

1 цаг 45 минут нисдэг энэхүү чиглэлийн зорчигчдын жилийн дундаж өсөлт нь сүүлийн 5-н жилд хамгийн их буюу 16% байсан байна. Араас нь Шанхай-Осака чиглэл 12%-иар 2-р байранд орсон байна. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд Сөүл Инчон болон Осакагийн хооронд 17500 онгоц ниссэн ба нислэгийн суудлын тоо нь 33%-иар өссөн. Нийт зорчигчдын 90 шахуу хувь нь дамжин нислэг үйлдээгүй байна.

5: Жакарта – Куала Лумпур

Энэ чиглэлд өнгөрсөн жил хийгдсэн 18,800 нислэгийн нийт боломжит 3,5 сая суудалд 2,7 сая зорчигч 78%-ийн суудал дүүргэлттэй аялсан байна. Энэ чиглэл нь мөн л агаарын тээвэрлэгчид олноороо өрсөлддөг (9 өөр компани) байна. Хамгийн том агаарын тээвэрлэгч компаниудын эхэнд Малайшн Эйрлайнс нийт зах зээлийн 23%-ийг эзэлдгээрээ ордог ба удаах байруудад Эйр Эйшияа ба Лион Эйр компаниуд оржээ. Сонирхолтой нь энэхүү жагсаалтад орсон чиглэлүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг агаарын тээврийн компаниудаас Индонезийн Эйр Эйшияа Икс компани 29,3% цагтаа хөөрдөг гэсэн үзүүлэлтээр цаг барьдаггүйгээрээ сүүлээсээ 2-р байранд орж байгаа бол энэ сөрөг үзүүлэлтийг Бангкок – Хонконгийн хооронд нисдэг Ориент Тай Эйрлайнс компани 0% гэсэн үзүүлэлтээр тасархай тэргүүлж байна.

4: Хонконг – Шанхай Пүдунг

2 цаг хагас нисдэг энэ аялалд өнгөрсөн жил нийт 5 сая суудалтай 21,900 нислэг үйлдэгдсэн байна. Энэхүү чиглэл нь усан дээгүүр нисдэггүй ба газраар бас явах боломжтой билээ. Гэвч хэрэв газраар явбал ниссэнээс даруй 20 гаруй цагаар илүү хугацаа зарцуулах ажээ.

3: Жакарта – Сингапур

2017 онд энэ чиглэлд нийт 27,300 нислэг байсан нь Хонконг – Шанхай чиглэлээс даруй 5000-аар их байгаа юм. 5,6 сая боломжит суудалд 4,7 сая зорчигч 83%-ийн суудал дүүргэлттэй аялсан нь эхний 10 байрны 2-т орох үзүүлэлт юм.

2: Хонконг – Тайпэй

2017 онд Хонконг, Тайпэйн хооронд нийт 8,2 сая боломжит суудалд 6,5 сая зорчигч 80% суудал дүүргэлттэй аялсан байна. Харьцуулбал дараагийн байранд орсон Жакарта – Сингапурын чиглэл нь энэхүү чиглэлээс суудлын тоо 32%-аар, зорчигчдын тоо 28%-аар бага байгаа юм. Энэ хооронд нийт 28,887 онгоц нисжээ.

1: Куала Лумпур – Сингапур

Энэхүү чиглэлд 2017 онд нийт 30,537 онгоц ниссэнээр уг жагсаалтыг тэргүүллээ. Уг 2 онгоцны буудал нь гол төлөв дамжин нисэх зорчигчдын дунд эрэлт ихтэй байсан ба нийт зорчигчдын 37% нь дамжин ниссэн байна. Куала Лумпураас дамжин нисдэг хамгийн түгээмэл чиглэл нь 2 цаг 45 минут нисэн очдог Кота Кинабалу олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэсэн орон нутгийн нислэг байсан бол Куала Лумпураас Сингапураар дамжин Австралийн Брисбэйн руу ниссэн нь хамгийн түгээмэл үйлдэгдсэн дамжин өнгөрөх нислэг байсан байна.

 

Эх сурвалж:

https://www.internationalairportreview.com/article/69569/the-20-busiest-international-routes-in-the-world/

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980