Мэдээлэл

10 Oct 2022

ОЛОН ЧИГЛЭЛД ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР АЯ ТУХТАЙ НИСЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

Image

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-д транзит болон эцсийн чиглэлтэй агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Мөн БООМТЫН СЭРГЭЛТ-ийн хүрээнд бүс нутгийн карго тээврийн зангилаа үүсгэх, цаашид ачаа тээврийн стратегийн гарц бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд агаарын тээврийн салбарт ХАМГИЙН ОЛОН ЧИГЛЭЛД, ХАМГИЙН ХЯМД ТИЙЗЭЭР, ХАМГИЙН АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ НИСДЭГ байх бодлого баримталж байна.

Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.  

         Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах 145.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, 7%-ийн хүүгийн дэмжлэгтэй олгоход Засгийн газраас 11.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүг хариуцаж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулж байна.

        Ингэснээр Цар тахлын 2 жилийн хугацаанд санхүүгийн нөөц нь барагдсан АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ, агаарын тээврийн зах зээлд гарч буй шинэ боломжуудыг шуурхай ашиглаж  өрсөлдөх боломж бүрдэж байна. Мөн агаарын хөлгийн түрээсийн зах зээлийн хямд үнийн боломжийг ашиглан УРТ ХУГАЦААТАЙ, ӨРТӨГ БАГАТАЙ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГЭЭР агаарын хөлгийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

         Мөн Засгийн газрын хуралдаанаар “Орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах талаар авах зарим арга хэмжээний талаар” санал танилцуулж, зарим тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхийг зорьж байна. Үүнд:

  1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т нэмэлт оруулах асуудлыг эрчимжүүлж, шийдвэрлэхээр тогтсон.
  • Өнөөдөр нислэг гүйцэтгэж байгаа гадаад улсын нисэх буудалд шатахуун 1 тонн нь 1150-1280 ам доллар, Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа. Тэгвэл агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллараар буурах боломж бүрдэнэ гэж тооцож байна.
  • Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй агаарын хөлгийн шатахууны үнийг 1 тонн тутамд 1.0 сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5%-8% буурах тооцоолол гарсан
  1. Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд улсын болон орон нутгийн төсөв, навигацийн орлогоос зохицуулалт хийх замаар татаас олгохыг шийдвэрлэхийг зорьж байна.
  • Нийтийн тээвэрт нэг өдөрт 500 орчим сая төгрөг, жилд 180.0 тэрбум гаруй төгрөгийн татаас нийслэлийн төсвөөс олгодог. Тэгвэл орон нутгийн 9 чиглэлд тухайн орон нутгийн иргэдэд тийзийн үнийг 50 хүртэл хувиар хямдруулах зарчмаар татаас олгохоор тооцоход жилд олгох нөхөн олговрын хэмжээ 8 тэрбум орчим төгрөг байна.
  • Зорчигчийн эрэлтээс хамаарч Өлгий, Ховдын чиглэлд долоо хоногт 3, Улаангом, Улиастай чиглэлд 2, бусад чиглэлд 1 удаагийн нислэг гүйцэтгэхээр татаасын хэмжээг тооцож, 2019 оны нислэгийн үзүүлэлтийг суурь болгон авч үзсэн болно.
  • Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
  1. Агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр тогтсон.
  • Авто тээвэр, төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг татвараас чөлөөлдөг, орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг татвараас чөлөөлдөггүй.
  • Тээврийн салбар хоорондын харилцан уялдаатай хөгжих, өрсөлдөх, агаарын тээвэр, авто тээвэр, төмөр замын холимог тээврийн сүлжээг хөгжүүлэх, цахим борлуулалтад татварын нэгдсэн зохицуулалт шаардлагатай.
  • Орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бүрдүүлснээр жилд 3.1 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж тооцогдохгүй болж, зорчигчийн тийзийн үнэ 8 хувиар буурахаар тооцож байна.
  • Орон нутгийн агаарын тээврийг сэргээн тогтворжуулах дээрх зорилтуудыг хэрэгжүүлснээр тийзийн үнэ 50 хүртэл хувиар бодитоор буурах, зорчигч урсгал нэмэгдэх, нисэх буудлуудын ашиглалт сайжрах, агаарын тээвэрлэгчдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, улсын төсөвт татвар төвлөрүүлэх, зарим чиглэлийн нислэгийг сэргээх, төвлөрлийг сааруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж тооцож байгаа юм.

 

Цаашид агаарын тээвэрлэгчид ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, олон улсад хамтран өрсөлдөх боломжийг нээснээр иргэний агаарын тээврийг стратегийн салбар болгон хөгжүүлнэ. Дотроо өрсөлдөх биш бие биенээ дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг байхыг чухалчилж байна. Тухайлбал зардлын бараг тал хувийг эзэлдэг шатахууны зардлыг бууруулах, бүгд нэг цонхоор хамгийн хямд үнээр худалдан авалт хийдэг байх нь зөв гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн алслалт ихтэй олон улсын шинэ нислэгийн чиглэлүүдийг шат дараатай нээхийг зорьж байна. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан шатахуун зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц агаарын хөлгийг нэвтрүүлж бодит хэмнэлт үүсгэнэ.

Цаашдаа орон нутагт 9 чиглэлд тогтмол нислэгтэй болгож, тухайн  ОРОН НУТГИЙН ИРГЭД НЬ ИЛҮҮ ХЯМД ҮНЭЭР ЗОРЧДОГ БАЙХ боломжийг бүрдүүлнэ. Энэ нь иргэд нутагтаа сайхан амьдрах, орон нутгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлоготой нийцэж байна.

Мөн ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлж агаарын тээврийн либералчлал, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын тээврийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэд ХАМГИЙН ОЛОН ЧИГЛЭЛД, ХАМГИЙН ХЯМД ТИЙЗЭЭР зорчих, агаарын тээвэрлэгч нарт “CODE SHARING” хийх буюу АЯЛЛЫН ДУГААР ХАМТРАН АШИГЛАХ боломжийг нээхээр ажиллаж байна.

Дашрамд дурдахад саяхнаас МИАТ компани ачаа тээврийн Б757F агаарын хөлгөөр  карго нислэг үйлдэж эхэлсэн. Эхний ээлжинд БНХАУ, БНСУ, БНТУ, Хонконг, Казахстан, Киргизстан, Тажикстан зэрэг улсууд руу тогтмол карго нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: https://mrtd.gov.mn/i/3182

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж, Сити тауэр, 8 давхар, 801 тоот

Архив, бичиг хэргийн ажилтан-75114323
"Чингис хаан" олон улсын нисэх буудлын лавлах-19001980