Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми: ЧХОУНБ-д Монголын нийгэмд зохицсон Япон үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтэй
2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бол Монгол Улсын агаарын үүд хаалга болох ЧХОУНБ нээлтээ хийсний 1 жилийн ойн өдөр юм. Нээлтээ хийснээс хойш Монголыг зорин ирэх зочид, Монголоос алс нутгийн зүг хүлгийн жолоо залах зорчигч, үйлчлүүлэгчдийн дахин золгох газар, аялалын мөрөөдлөө биелүүлэх “Шинэ цэг” болсон билээ.
Энэ удаад ЧХОУНБ-ын нээлтээ хийсний 1 жилийн ойд зориулж, шинэ нисэх буудлын үйл ажиллагааг хариуцагч Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК /НУБИЭ ХХК/-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфумитай их ажлынх нь хажуугаар хэсэгхэн зуур хөөрөлдөх боломж олдож, шинэ нисэх буудлын одоогийн нөхцөл байдал болон цаашдын зорилгын талаар ярилцлаа. Китанака захирал Монгол Улсыг дэлхийтэй холбох зорилтыг тавин ажиллаж буйгаа илэрхийлээд “Үүрэгт ажлаа хүлээн аваад 3 сар болж байна. Нисэх буудал дээр тогтмол ажиллаж байгаа болохоор Монголын тал нутгийг хараахан үзэж амжаагүй байна” гэв.
ЧХОУНБ нээлтээ хийсний 1 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол, Япон хоёр улсын хооронд хот төлөвлөлт, зам тээврийн салбарт олон төслүүд амжилттай хэрэгжиж ирсэн билээ. Үүний нэг жишээ нь ЧХОУНБ гэж бодож байна.
Баярлалаа. Нисэх буудал бол зорчигч, үйлчлүүлэгчдийн амар тайван үйлчлүүлж болохуйц аюулгүй газар байх ёстой гэж би хувьдаа боддог. Нисэх буудал нээлтээ хийснээс хойш нэг жилийн хугацаанд осол авааргүй, хэвийн ажиллаж байгаагаараа бахархаж байна. 2019 онд гадаад, дотоодын нислэгийн 1,600,000 зорчигч хүлээн авч, үдэн гаргасан бол “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр зорчигдын тоо 200,000 болж буурсан нь бидний үйл ажиллагаанд асар их нөлөө үзүүлж байна. Нисэх буудалд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс зорчигчдын тоо бага багаар сэргэж эхэлж байгаа тул баяртай байна. Миний бие үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 3 сар өнгөрч байгаа ч өнгөрсөн жилийн 7 дугаар сард ЧХОУНБ-ын үйл ажиллагааг амжилттай нээж, эхлүүлж чадсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Като Такэогийн хувь нэмэр маш их байсан гэдгийг дурдмаар байна.
- Монгол Улсын эдийн засгийн нэг тулгуур салбар болох аялал жуулчлалын салбарын суурь нь ЧХОУНБ билээ. Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй аялал жуулчлалын салбарын сэргэлт болон жуулчдын тоог нэмэх бодлогын хүрээнд ЧХОУНБ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар?
Монгол Улсын Засгийн Газраас гаргасан Аялал жуулчлалын салбарын сэргэлтийн бодлогын хүрээнд зорчигчдын эрэлтийг нэмэгдүүлэхээр Засгийн газар дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэгийг нэмэгдүүлж, гадаадын агаарын тээвэрлэгчдийг шинээр нислэг үйлдэх боломжоор хангаж байгаад хувьдаа талархаж байна. Зорчигчдын тоо “Ковид-19” цар тахлын өмнөх үеэс 40 орчим хувиар сэргэсэн бөгөөд нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2019 оны 1,600,000 зорчигчийн тоонд хүрэх, ирээдүйд 3,000,000 зорчигч хүлээн авах төсөөлөл бодит болохыг үгүйсгэхгүй юм. Зорчигч терминалын барилгыг үр ашигтайгаар ашиглаж, цаашид үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх тухайд анхаарал тавин ажиллаж байна. Энд ирэхээс өмнө миний бие Япон улсын Фукуокагийн Олон улсын нисэх буудалд нисэх буудлын төслийг хариуцан ажиллаж байсан бөгөөд Фукуокагийн Олон улсын нисэх буудал 3,900,000 зорчигч хүлээн авах хүчин чадалтай боловч 7,000,000 хүртэлх зорчигч хүлээн авсан тохиолдол байдаг. Хүчин чадлаас давсан зорчигч хүлээн авахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь ажилтнуудын үйлчилгээний чанар байсан бөгөөд Монгол Улсын хувьд жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд Японы үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх нэн шаардлагатай гэж бодож байна. ЧХОУНБ-ын хувьд жуулчдад ээлтэй үйлчилгээний жишигт хүрсэн нисэх буудал болгон хөгжүүлэхээр зорьж байна.
- Одоо аялал жуулчлалын улирлын оргил үе ирээд байгаа тул ЧХОУНБ энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
Дэлхий даяар “Ковид-19” цар тахал дөнгөж намжиж эхэлж байгаа ч дахин халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг ЧХОУНБ-д хэрэгжүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, явах зорчигч болон үдэн гаргагчдыг тусгаарлаж, бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх арга хэмжээг агаарын тээвэрлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байна. Мөн их хэмжээний хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, жуулчлалын улирлын бэлтгэл ажлын хүрээнд зорчигчдод ямар нэг хүндрэл үүсгэхгүй зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар зорьж байна.
- Үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш үйл ажиллагаатай холбоотой ажлууд дотор хамгийн их анхаарал татсан ямар асуудал байсан бэ?
Юуны өмнө, Япон хүний хувиар Монгол улсын нийслэл хотын нисэх буудлын үйл ажиллагааг хариуцсан компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон явдал аз завшаантай бөгөөд хариуцлагатай ажил гэж бодож явдаг. Өдөр болгон ажилтнуудынхаа хүлээлтэд хүрэхийн тулд чармайн ажиллаж байна. ЧХОУНБ-ын нийт ажилтнууд нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал /БУОУНБ/, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас шилжиж ирсэн ажилтнууд, Япон ажилтнуудаас бүрддэг бөгөөд бүгд хамтдаа нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулахыг хичээн ажиллаж байна. Монгол улсын агаарын үүд хаалга болсон Олон улсын нисэх буудлын хувьд ирсэн зочдын дахин ирэх хүслийг бадраадаг нисэх буудал байгаасай гэж хүсэж байна. Дотоодын аялал жуулчлалын эрэлт өндөр байгаа ч ЧХОУНБ нь МУ-ын Засгийн Газар болон хувийн хэвшлүүдтэй нягт хамтран Монголын байгалийн гайхамшгийг дэлхийд сурталчилж, гадаадын жуулчдыг татахуйц нисэх буудал болоосой гэж хүсэж байна.
- Нисэх буудал нээгдсэнээр олон төрлийн үйлчилгээ, бизнес дагалдан хөгждөг. ЧХОУНБ-д түшиглэн Хөшигийн Хөндий дагуул хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар төлөвлөж байгаа. Дэлхийд нисэх буудал даган байгуулагдсан дагуул хотыг хэрхэн хөгжүүлж ирсэн бол?
Нисэх буудал бол зүгээр нэг дамжин өнгөрөх газар бус, олон хүн цугладаг их хөлийн газар юм. Агаарын хөлөгт суухгүй байсан ч хоол идэн, цагийг зугаатай өнгөрүүлж болох үйлчилгээний төв болгох бодлого нь дэлхийн олон улсад хэрэгжиж байна. Миний ажиллаж байсан Фукуока Олон улсын нисэх буудал нь хотоос метрогоор 5 орчим минут яваад хүрдэг газар байрладаг. Тэнд ресторан, худалдааны төвийн хэд хэдэн байгууламж шинээр барьж, нисэх буудалд хагас өдрийн турш зугаалж, хөгжилдөж болохуйц боломжийг бий болгохоор төлөвлөж байна. Хөшигийн Хөндий дагуул хотын төлөвлөгөөний талаар сонсож байсан. Бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн боловч эхний ээлжинд Монгол улсын үүд хаалга болсон нисэх буудлын үйл ажиллагааг хариуцаж буй компанийн хувьд зорчигчдыг нүүр бардам хүлээн авах орчныг бүрдүүлэхээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах бодолтой байна.
- Энэ жил болон ирэх 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төлөвлөгөөний талаар ярьж болох уу?
Дэлхий даяар иргэний нисэхийн салбар болон нисэх буудлыг үнэлдэг Английн үнэлгээний байгууллага болох SKYTRAX компаниас “World Airport Awards” /Дэлхийн нисэх буудлыг шалгаруулах шагнал/ гэж бий. Монгол улсын нисэх буудал уг байгууллагын нисэх буудлуудын жагсаалтад хараахан ороогүй байна. Азиас Сингапурын Чанги Олон улсын нисэх буудал, Японы Ханеда Олон улсын нисэх буудал ”Таван од” буюу хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн байдаг. Ирэх жил ЧХОУНБ “Гурван од”-ны төлөө өрсөлдөх бодолтой байна. Тиймээс энэ жил үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Японы сургагч багш нарыг урьж авчрахаар төлөвлөж байна. Мэдээж Японы үйлчилгээний стандарт Монголын ахуй нөхцөл болон аялал жуулчлалын салбарт яв цав тохирохгүй нь ойлгомжтой. Монгол болон Японы үйлчилгээний давуу талуудыг хооронд нь уялдуулан, Монгол компаниудад тохирох үйлчилгээний стандартыг хөгжүүлж ажиллах бодолтой байна.
-Нээлтээ хийснээс хойших 1 жилийн хугацаанд олон асуудал гарсан болов уу гэж бодож байна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Асуудал болгон өөр өөр байдаг тул (инээв), нэг аргаар бүгдийг шийдвэрлэх боломжгүй юм. Амар тайван бөгөөд аюулгүй байдлыг нэн түрүүн бодолцон, чанартай үйлчилгээг зочдод үзүүлэхийн тулд ажилтнуудтайгаа хамтран арга хэмжээ авч ажиллаж байна.
-Энэ хүртэл НУБИЭ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд ярилцсан бол төгсгөлд нь та хувь хүний үүднээс Монголд ирсний дараа төрсөн сэтгэгдлээ хуваалцаач.
Энэ жилийн 4 дүгээр сард Монголд анх удаа ирсэн. Ирэхээсээ өмнө Монгол улсын талаар өвөлдөө -40 градус хүрдэг, морь унадаг гэхээс өөр ямар ч ойлголтгүй байлаа. Гэтэл цаг агаар маш сайхан, мөн япон хоолны газар ч олон байдаг юм байна. Монгол хоол ч мөн идэхэд тохиромжтой, амттай юм билээ. Мөн Монгол хүний зан чанар Япон хүнтэй олон талаар төстэй бөгөөд Монгол хүн бүх зүйл дээр шулуун шудрагаар үзэл бодлоо илэрхийлдэг тул харилцан ярилцахад их амар байдаг. Амьдрах орчин ч мөн их таатай байгаа. Одоогоор гэр ажлын хооронд л явж байгаа болохоор хурдхан морь унаж, хөдөөгөөр аялан Монголын ахуй соёл, зан заншлыг үзэж, үзэсгэлэнт байгалд амрахыг хүсэж байна.
Ярилцлага өгсөнд их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Эх сурвалж: https://www.nubia-llc.mn/post/119177