“ИНЧЕОН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД (AI) СУУРИЛСАН ИННОВАЦЫН ЭКОСИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА
“ИНЧЕОН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД (AI) СУУРИЛСАН ИННОВАЦЫН ЭКОСИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА
“Инчеон” олон улсын нисэх буудал "Алсын хараа 2040" урт хугацааны стратегийн хүрээнд шинэ технологи, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн зангилаа болох зорилго тавин, хиймэл оюун ухаанд (AI) суурилсан инновацын экосистемийг амжилттай нэвтрүүлээд байна.
“Инчеон” нисэх буудал зорчигчдын урсгалыг удирдахад AI-д суурилсан урьдчилан таамаглах системийг ашигладаг. Энэхүү систем нь 3D мэдрэгч болон хяналтын камерын өгөгдөлд дүн шинжилгээ хийснээр аль цэгт, хэдэн минутын дараа ачаалал үүсэхийг урьдчилан тооцоолдог. Ингэснээр нисэх буудлын захиргаа дараалал үүссэний дараа бус, үүсэхээс нь өмнө хүний нөөц болон шалган нэвтрүүлэх хэсгийн хуваарилалтыг оновчтой шийдэж, хүлээлгийн хугацааг мэдэгдэхүйц бууруулдаг. Энэхүү шийдэл нь 500 сая гаруй өгөгдлийн бааз дээр сургагдсан AI алгоритмд суурилсан юм.
Ухаалаг удирдлагын систем нэвтэрснээр:
- Хүлээлгийн хугацаа багасна;
- Ажилтнуудын ажлын ачаалал тэнцвэржинэ;
- Зорчигчдын сэтгэл ханамж нэмэгдэнэ.
Мөн тус нисэх буудалд дараах AI шийдлүүд ажиллаж байна. Үүнд:
- Үйлчилгээний роботууд: Бүртгэл болон чиглүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ачаалал ихтэй бүс рүү өөрөө шилжин ажиллах чадвартай.
- “AI Human” виртуал хөтөч: Хүнтэй төрөлх хэлээр нь харилцан яриа өрнүүлж, нислэгийн мэдээлэл болон бусад асуултад хариулт өгдөг.
- Ухаалаг худалдан авалт: Нислэг эхлэхээс 30 минутын өмнө татваргүй барааны дэлгүүрээс (Duty Free) аппликейшнээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой.
Эх сурвалж: Олон улсын нисэх буудлын тойм