Түүхэн замнал

Түүхэн замнал

УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 6 дугаар зүйлийн 6.1.1-т “Шинээр баригдах олон улсын нисэх буудлыг Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох, тус нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар заасан. Түүнчлэн “Төр хувийн хэвшлийн хүрээнд олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх”-ээр тус бодлогоор тодорхойлсон.

2014 онд ЗТЯ /хуучнаар/ Японы олон улсын байгууллага /JICA/-ын хооронд техникийн туслалцааны хүрээнд санамж бичиг байгуулснаар Япон Улсын “Номура” болон Монгол Улсын “Стратежик партнерс” компанийн түншлэл шинэ нисэх буудлын менежментийн бүтцийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлсэн. Зөвлөх баг нь нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх бүтцийг “Төрийн өөрөө удирдах”, “Менежментийн багийг гэрээгээр томилон ажиллуулах”, “Төр, хувийн хэвшил хамтран концессын гэрээгээр хэрэгжүүлэх”, “Урт хугацааны түрээсийн гэрээгээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх” гэсэн харьцуулсан судалгааны үндсэн дээр боловсруулсан. Мөн дээрх судалгааны багаас гадна менежментийн бүтцийг боловсруулах Зөвлөхийн тендерийг зарлаж Франц-Монголын хамтарсан “Интерконсалтинг Групп”, “Эжис Тийн Монголиа” ХХК-ийн түншлэл шалгарч судалгааны ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Дээрх Зөвлөх багууд Олон улсын нисэх буудлын менежментийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлснийг төслийн ашиглалтын өмнөх удирдах хорооны хурлаар хэлэлцэн дэмжиж, Зам, тээврийн сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулан баталгаажуулсан.

2015 оны 06 сард Япон Улсын Токио хотод зохион байгуулагдсан Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн 7 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Япон Улсын  “Мицүбиши корпораци” (Mitsubishi Corporation), “Нарита Олон улсын нисэх буудлын корпораци” (Narita International Airport Corporation), “Жатко компани” (Jatco Co.,Ltd), “Жалюкс компани” (Jalux Inc.,)-иуд хамтран консорциум болж Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, 2015.06.30-ны өдөр Зам, тээврийн яаманд албан бус төслийн саналыг ирүүлсэн.

Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-Ашиглах-Шилжүүлэх” төрлөөр концессын шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.  Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхий сайдын 209 тоот захирамжаар энэхүү төсөлд оролцох санал тавьсан Японы компаниудын төлөөлөлтэй хэлэлцээ хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс дээр дурдсан Зөвлөх багуудын боловсруулсан баримт бичигт тулгуурлан “Төслийн санал авах баримт бичиг”-ийг шинэчлэн боловсруулж 2016 оны 01 дүгээр сарын 25-нд Японы консорциумд хүргүүлсэн. Японы талаас 2016 оны 04 сарын 29-нд холбогдох саналаа ирүүлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлын хэсгээс техникийн саналыг үнэлж шаардлагад нийцсэн тул 2016 оны 05 сарын 11-нд санхүүгийн саналыг нээсэн.  Санхүүгийн саналыг Ерөнхий сайдын 2016 оны 63 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг үнэлж шаардлага хангасан гэж дүгнэж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээний өмнөх уулзалтыг Японы талтай зохион байгуулж албан ёсны хэлэлцээ хийх тов, тулгамдаж буй асуудлууд, одоогийн нөхцөл байдлын талаар харилцан зөвшилцсөн.

Ерөнхий сайдын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, байгуулагдсан.

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

+976 77114323

+976 77114303