Мэдээлэл

22 Oct 2018

Инчоны нисэх онгоцны буудал

Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудал 7 удаа дэлхийн хамгийн шилдгээр шалгарчээ.

Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн жил тутмын илтгэлд Өмнөд Солонгосын нийслэлийн агаарын гол хаалга болсон уг нисэх онгоцны буудлыг өндрөөр үнэлдэг.
Уг нисэх онгоцны буудал нь жилдээ 25-аас 40 сая хүртэлх тооны зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай.

Тус онгоцны буудлыг Их Британид төвтэй аялал жуулчлалын сэтгүүл “The Travel Trade Gazette Travel Awards”-аас дөрвөн жил дараалан Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар тодруулжээ. Ингээд Та бүхэндээ нисэх буудлын үйлчилгээг сонирхуулъя.

ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Инчоны олон улсын нисэх буудалд транзит зорчигчдод зориулсан үнэ төлбөргүй ашиглах боломжтой лоунж, тухтай амрах суудал, шүршүүр, залбирлын өрөө зэргээс гадна таны нүд, тархийг амраах хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон сонирхолтой зүйлсээс гадна Өмнөд Солонгос улсын соёл, уламжлалыг харуулсан хэсэг, кино театр, гольфийн дугуйлан, мөсөн гулгуурын талбай, казино хүртэл бий.

Тус нисэх буудал нь үндсэн болон терминал А гэсэн хоёр байгууламжаас бүрдэх ба юуны өмнө та NAVER-Free WiFi Service-г сонгож үнэгүй интернетэд холбогдох боломжтой.

ӨМНӨД СОЛОНГОСЫН СОЁЛЫН ХЭСЭГ

Солонгос Улсын төрөөс үндэсний урлаг, соёлоо сурталчилах олон арга хэмжээг нисэх буудлаараа дамжуулан зохион байгуулж, музей болон бусад соёлын үйл ажиллагаа явуулах заал танхимуудыг өргөнөөр ажиллуулдаг.

Үндсэн терминалын 4 дүгээр давхарт байрлах Солонгосын соёлын хэсгээс та тус улсын архитектур бүхий байгууламж, үндэсний хувцастай хүмүүс, үндэстэний хоол, сонгодог концерт зэргийг үзэх боломжтой.

Мөн үндсэн терминалын 3дугаар давхарт байрлах соёлын хэсэгт зочилсоноор та Солонгос Улсын гар урлалыг өөрийн гараар хийж, үндэсний хувцастай зураг авахуулах, үндэсний хөгжмийн тоглолтыг сонирхож, дурсгалын зүйлс худалдаж авах зэргээр цагийг өнгөрөөж болно.

ГОЛЬФ КЛУБ

Онгоцны буудлаас үнэгүй автобусаар таван минут яваад “SKY72” хэмээх 72 нүхтэй гольфийн клубт хүрнэ. Энд та гурвуулаа тоглох боломжтой. Өглөөний 6:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл цаг хүртэл ажилладаг ба гольфийн сургалтанд мөн хамрагдах боломжтой юм.

КАЗИНО

Хэрэв та мөрийтэй тоглоом сонирхдог бол Инчеон нисэх буудлаас 3 минут тутамд явдаг чиглэлийн автобусанд суугаад “Paradise”казинод зочлоорой. Энд та 50 слот машин, баккарет, рулет, блэк жек болон Карибын покер тоглох боломжтой.

МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ

Хосоороо эсвэл хүүхэдтэйгээ явж байгаа бол B1 давхарт байрлах мөсөн гулгуурын талбайд очоорой. Өдөр бүр 10:00 – 20:00 цагийн хооронд ажиллана. Нэг цагийн тариф нь 4000 - 5000 вонн

ХҮЛЭМЖИЙН ХЭСЭГ

Тус нисэх буудлын терминалд долоон хүлэмж бий.

  • Нарс модны хүлэмж – Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт байрлана.

  • Цэцэгт модны хүлэмж -  Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.

  • Цэцгийн хүлэмж - Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.

  • Кактусын хүлэмж - Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.

  • Усны хүлэмж - Зорчигчдын терминалын нэгдүгээр давхарт угтах танхимд байрлана.

  • Дөрвөн тансаг ургамлын хүлэмж - Зорчигчдын терминалын B1 давхрын баруун болон зүүн жигүүрт байрлана.

  • Зэрлэг цэцэгсийн хүлэмж – Хиймэл зүлгэн дээр ургасан зэрлэг цэцэгс бүхий хүлэмж нь нэгдүгээр давхрын баруун болон зүүнд талд гадаа байрладаг. Тус хүлэмж рүү галт тэрэгний буудал болон машины зогсоолоос очиход хялбар.

 

ҮНЭГҮЙ ШҮРШҮҮР 

Зорчигчдын терминалын 4-н давхарт байрлах шүршүүрт транзит зорчигчид үнэгүй орох боломжтой. Өдөр бүр 7:00 – 22:00 цагийн хооронд ажиллана. Хамгийн сүүлийн үйлчлүүлэгчээ 21:30-д авахыг анхаарна уу. Пасспорт болон онгоцны тасалбараа харуулахаа мартуузай. 

НИСЛЭГИЙН ТАЛБАЙ АЖИГЛАХ ХЭСЭГ

Инчеон нисэх буудлын нислэгийн талбай ажиглах хэсэг нь төв терминалын гуравдугаар давхарт буюу 51 метрийн өндөрт байрладаг. 12 сараас 2 дугаар сарын хооронд 10:30 - 16:00 цагийн хооронд, 3 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 10:00 - 17:00 цагийн хооронд өдөр бүр ажиллана. Тус хэсэгт очихын тулд та 306 дугаартай автобусанд суугаарай.

ТРАНЗИТ АЯЛАЛ

Инчеон нисэх онгоцны буудал 5-24 цагийн хүлээлгийн транзит зорчигчиддоо Сөүл хотын үнэгүй, хөтөчтэй аяллыг санал болгодог. Та энэ аялалд хамрагдахын тулд эхлээд transittour@airport.kr руу цахим шуудан илгээж захиалга өгөх эсвэл гурван давхарт байрлах билет бичдэг хэсэг дээр очоорой. Эдгээр аялал нь цагийн сонголттой бөгөөд 1-5цаг хүртэл үргэлжилнэ. Аялалын төлбөр  10,000 вонн ба бүртгүүлэхдээ пасспорт, онгоцны билет зэргээ шалгуулах ёстой.

Харин та Инчеоны нисэх буудлаас хот руу орох бол виз авах хэрэгтэйг анхаарна уу. Гэхдээ та АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд улсын визтэй бол Солонгос улсад 30 хоногийн турш аялах боломжтой. Та сайхан аялаарай.

www.airmarket.mn

Бидний тухай

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 5 давхар

+976 77114323

+976 77114303